Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан доороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм
Хойтон жилийн наадамд өмсөхөөр хадгалсан
Хоргой эмжээртэй дээл бишээ аз жаргал
Бороос болсон нарны гэрэл солонго болон нумладаг шиг
Бодол ариуссан насны жаргал хайр болон ивлэдэг юм
Зузаан янаг сэтгэл үүрдийн үүрдийг хүслээ ч
Зуурдын энэхэн хорвоогийн зураг төөрөг хатуу
Арзыг хорз болтол нэрж болохоос бус
Аз жаргалыг дараа эдэлнээ гэж хадгалж болдоггүй юм
Аз жаргалыг дараа эдэлнээ гэж өөрийгөө бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаанаа гэж өдөр хоногийг бүү хуур
Агуу эх орноо дараа мандуулна гэж өстөндөө бүү хуурт
Алаг үрээ дараа ир гэж үрийн заяаг бүү хуур
Аз жаргал гуйлгачин шиг үүдийг чинь тогшвол бүү хөө
Агшин хором бүхэн эргэж ирдэггүйг бүү умарт
Ариухан сэтгэлийн үнэн үгээ бүү хадгал
Аяндаа минийх л юм чинь гэж намайгаа бүү шаналга
Шаглаж дуусаагүй үлдсэн торгон дээл шиг
Шаналалд идэгдсэн гундуу заяа үлддэг юм
Шатаж дуусаагүй унтарсан гал шиг
Санасаар яваад өнгөрсөн дутуу амьдрал үлддэг юм
Алтан дөрөө нь уяан дээр хангинахад
Аянчин хорвоогийн морийг тосож ав
Аяар аяар хаалгыг чинь тогших
Аз жаргалыг буу буцаа!
Шаглаж дуусаагүй үлдсэн торгон дээл шиг гундуу заяатай үлдэхгүйн тулд, шатаж дуусаагүй унтарсан гал шиг дутуу амьдарч явахгүйн тулд би хүслээ хэдхэн сар ч гэсэн дагасан. Үүнийхээ төлөө өөрийгөө насан туршдаа буруутгаад ч яахавдээ ;)
You did what u want :)